Нуруу English

Нууцлалын бодлого

Хувилбар 1.1 · Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 10 сарын 19

Товчхондоо

  • Нуруу гар таны шивсэн зүйлийг хаашаа ч илгээдэггүй, сүлжээнд ханддаггүй.
  • Аппад бичсэн зүйл тань утсанд тань хадгалагдана. Та «Хувь нэмэр оруулах» товчийг дарж зөвшөөрөөгүй бол юу ч илгээгдэхгүй.
  • Зөвшөөрвөл аппад бичсэн бичвэрийн зөвхөн монгол бичиг илгээгдэж, Монгол Улсаас гадна Cloudflare-ийн серверт хадгалагдана. Бид түүгээр монгол бичгийн толь бүтээнэ. Бичвэрийг тань тэр чигээр нь нийтлэхгүй.
  • Бүртгэл шаардлагагүй. Нэр, утасны дугаар, байршил, зар сурталчилгааны ID авдаггүй, IP хаяг хадгалдаггүй. Таныг мөшгөдөггүй, мэдээллийг тань худалддаггүй.
  • Хуваалцахаа хүссэн үедээ зогсоож, илгээснээ устгуулж болно.

1. Мэдээлэл хариуцагч

Нуруу гар, Нуруу апп (iPhone, Android), nuruu.gege.mn сайт болон аппын холбогддог nuruu-api.gege.mn үйлчилгээг (цаашид хамтад нь «Нуруу») Лателиэр Гэгэ ХХК (цаашид «Компани» эсвэл «бид») эрхлэн ажиллуулдаг. Нуруугаар цуглуулсан хувийн мэдээллийг хариуцагч нь Компани бөгөөд түүнийг ямар зорилгоор, хэрхэн боловсруулахыг Компани шийднэ.

Холбоо барих: support+nuruu@gege.mn.

Android дээрх Нуруу апп одоогоор хувь нэмэр оруулах боломжгүй бөгөөд сүлжээнд ханддаггүй. Иймд энэ бодлогын 4–10-р хэсэг одоогоор зөвхөн iPhone-ы аппад хамаарна.

2. Гар юу ч илгээдэггүй

Нуруу гар сүлжээнд ханддаггүй. iPhone дээр «Бүрэн хандалт» (Full Access) хүсдэггүй тул iOS түүнийг сүлжээнд гаргахгүй. Гараар бусад апп дотор шивсэн зүйл бидэнд хэзээ ч ирэхгүй. Гарын тохиргоо (өнгө, товчны бичиг, нөхцөл залгах эсэх) зөвхөн утсанд тань хадгалагдана.

3. Утсанд тань үлдэх зүйл

Аппын засварлагчид бичсэн бичвэр, эхний тохируулгад өгсөн хариулт, аппын тохиргоо зөвхөн утсанд тань хадгалагдана. Хуваалцах зургийг хадгалах үед iPhone зөвхөн Зургийн санд зураг нэмэх эрх асууна. Апп таны зургийг уншдаггүй.

4. Зөвшөөрөл

Хувь нэмэр оруулах нь сайн дурын бөгөөд зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүнд зориулагдсан. Апп танаас хувь нэмэр оруулах эсэхийг асууна. Товчны дээрх тэмдэглэлд бичсэнчлэн «Хувь нэмэр оруулах» товчийг дарснаар та:

  • 18 нас хүрсэн гэдгээ баталж,
  • энэ бодлогод бичсэн мэдээллийг илгээж, боловсруулахыг,
  • бичвэрээ Монгол Улсаас гадна хадгалуулахыг (7-р хэсэг)

зөвшөөрнө. Анх зөвшөөрөхөд энэ нь утсанд тань өмнө нь бичсэн бичвэрийг ч хамарна. Асуух дэлгэц үүнийг хэлнэ. «Одоо биш» гэвэл апп, гар хоёулаа бүрэн ажиллана. Зөвшөөрлөө хүссэн үедээ буцаан авч болно (9-р хэсэг).

5. Ямар мэдээлэл илгээгдэх вэ

Илгээгдэх зүйл

  • Аппын засварлагчид бичсэн бичвэрийн монгол бичиг. Тоо (монгол цифр ч мөн), латин, кирилл үсэг, имэйл, холбоосыг утсан дээр нь хасаад илгээнэ. Манай үйлчилгээ ийм тэмдэгттэй бичвэрийг хүлээж авдаггүй.
  • Шалгагч ямар дүрэм илрүүлсэн, та засварыг нь хэрэглэсэн эсэх. Бичвэрийн аль хэсэгт байсныг илгээхгүй.
  • Бичвэрийг сүүлд зассан цаг, бичвэрт оноосон санамсаргүй дугаар, бичвэрийг шивсэн үү эсвэл буулгаад «Энэ бичвэрийг хуваалцах» товчоор хуваалцсан уу, аппын хувилбар.
  • Энэ утасны код: анх зөвшөөрөхөд апп утсан дээр санамсаргүйгээр үүсгэдэг код. Таны нэр, имэйл, дугаартай холбоогүй. Бид таны бичвэрийг зөвхөн энэ кодоор таньдаг.

Бид үүн дээр бичвэр ирсэн цаг, бичвэрийн үгийн тоог нэмж хадгална.

Илгээгдэхгүй зүйл

Нэр, имэйл, утасны дугаар, харилцагчид, байршил, зураг, зар сурталчилгааны ID, бусад апп дотор шивсэн зүйл. Манай үйлчилгээ таны IP хаяг, төхөөрөмж, хөтчийн мэдээллийг хадгалдаггүй.

Хэзээ илгээгдэх вэ

  • Бичвэрийг шивж байхад илгээхгүй. Сүүлд зассанаас хойш хоёр цаг өнгөрсний дараа, аппыг дараа нь нээхэд л илгээнэ. Энэ хугацаанд та бодож үзээд хуваалцахаа унтрааж амжина.
  • Буулгасан бичвэр нь ихэвчлэн бусдын бичсэн зүйл байдаг тул «Энэ бичвэрийг хуваалцах» товчийг дарахаас нааш илгээгдэхгүй. Илгээсэн бичвэрт дахин буулгавал, эсвэл хуваалцах унтраалттай үед өөрчилбөл бидэнд очсон хуулбарыг нь апп устгуулна.
  • Хуваалцах унтраалттай үед бичсэн, өөрчилсөн бичвэр дараа нь хуваалцахаа асаасан ч илгээгдэхгүй.

Монгол бичгээр бичсэн нэр, хаяг зэрэг хувийн зүйлийг апп ялгаж хасаж чадахгүй. Захидал, бусдад илгээх зурвас, эсвэл эрүүл мэнд, шашин шүтлэг зэрэг эмзэг мэдээлэл, өөрийн болон бусдын нууц бичих гэж байгаа бол хуваалцахаа түр унтраагаарай.

6. Юунд, ямар үндэслэлээр ашиглах вэ

  • Бичвэрийг монгол бичгийн толь бүтээх, Нуруу гар, шалгагч зэрэг монгол бичгийн хэрэгслээ сайжруулахад ашиглана.
  • Энэ утасны кодыг нэг утаснаас ирсэн бичвэрийг бусдаас ялгах, таны хүсэлтээр устгах, хувь нэмрийн тоог гаргах, нэг утаснаас хэт олон удаа илгээхийг хязгаарлах, туршилтын фонтын зөвшөөрлийг шалгахад (10-р хэсэг) ашиглана.

Бичвэрийг тань тэр чигээр нь нийтлэхгүй, худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, бусдад өгөхгүй. Үүнээс бүтээсэн толь, үгийн жагсаалт Компанийн өөрийн хөрөнгө бөгөөд манай бүтээгдэхүүнийг сайжруулахад ашиглагдана. Бид таны талаар автоматаар шийдвэр гаргадаггүй, таныг тодорхойлох хэв шинж (профайл) үүсгэдэггүй.

Бид таны мэдээллийг зөвхөн таны зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулна.

7. Хэнд дамжуулах, гадаадад хадгалах

Таны илгээсэн бичвэр Монгол Улсад биш, Cloudflare, Inc. (АНУ) компанийн дэд бүтцэд хадгалагдана. Cloudflare нь манай үйлчилгээг бидний өмнөөс, бидний зааврын дагуу ажиллуулдаг мэдээлэл боловсруулагч бөгөөд бидэнтэй байгуулсан гэрээний дагуу таны мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Cloudflare олон оронд сервертэй тул бичвэр тань Монголоос гадна өөр улсад боловсруулагдаж, хадгалагдана. Энэ нь хувийн мэдээллийг гадаадад шилжүүлж буй хэрэг бөгөөд бид үүнийг зөвхөн «Хувь нэмэр оруулах» товчийг дарж өгсөн таны зөвшөөрлөөр хийнэ.

Үүнээс гадна бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Харин хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага шаардвал хуулийн хүрээнд өгч болно.

8. Хэр удаан хадгалах, хэрхэн устгуулах вэ

Та устгах хүртэл бид бичвэрийг тань хадгална.

  • Апп дотроос: Тохиргоо → Хувь нэмэр → «Илгээснээ устгах». Энэ утасны кодоор илгээсэн бүх бичвэрийг манай үйлчилгээнээс устгаж, хуваалцахыг унтраана.
  • Имэйлээр: Тохиргоо → Хувь нэмэр доторх «Энэ утасны код»-оо бичээд support+nuruu@gege.mn руу устгуулах хүсэлт илгээнэ үү.

Аппыг утаснаасаа устгавал илгээх зогсоно, гэхдээ өмнө илгээсэн бичвэр устахгүй. Код апптай хамт устах ба бид кодгүйгээр таны бичвэрийг олж чадахгүй. Тиймээс аппыг устгахаасаа өмнө «Илгээснээ устгах»-ыг дарах, эсвэл кодоо хадгалж аваарай.

Устгасан бичвэр өгөгдлийн сангийн автомат нөөцөд 30 хүртэл хоног үлдээд, бүрмөсөн арилна.

Бичвэрээс тань толь бичигт аль хэдийн орсон үг, тэдгээрийн тоо бичвэрийг устгасны дараа ч үлдэнэ. Эдгээрт таны бичвэр агуулагдахгүй бөгөөд тэдгээрээр таныг тодорхойлох боломжгүй.

9. Хуваалцахаа зогсоох, зөвшөөрлөө буцаах

Тохиргоо → Хувь нэмэр доторх «Бичвэрээ хуваалцах»-ыг хүссэн үедээ унтраана. Унтраамагц зогсох бөгөөд илгээхээр хүлээж байсан бичвэр ч явахгүй. Унтраахад өмнө илгээсэн бичвэр устахгүй; түүнийг устгуулах арга 8-р хэсэгт бий. Зөвшөөрлөө буцаасан нь түүнээс өмнө хийсэн боловсруулалтыг хууль бус болгохгүй.

10. Туршилтын фонт

Аппын туршилтын фонтыг зөвхөн Компанийн ажилтнууд туршилтад ашигладаг бөгөөд нуугдмал тохиргоогоор нээгддэг. Нээсэн үед апп фонтын жагсаалт авах, фонт татахдаа энэ утасны кодыг nuruu-api.gege.mn руу илгээж, тухайн утсанд зөвшөөрөл байгаа эсэхийг шалгуулна. Зөвшөөрөгдсөн кодын жагсаалтыг бид өөрсдөө хөтөлнө. Татсан фонт утсанд тань хадгалагдана.

11. Энэ сайт, техникийн мэдээлэл

nuruu.gege.mn күүки, статистик, мөшгөх код ашигладаггүй. Энэ сайт болон аппын үйлчилгээ Cloudflare-ийн сүлжээгээр хүрдэг. Cloudflare хүсэлтийг хүргэх, халдлагаас хамгаалахын тулд таны IP хаягийг боловсруулдаг. Бид IP хаяг хадгалдаггүй.

Үйлчилгээнд алдаа гарвал бид хүсэлтийн төрөл, алдааны тухай техникийн тэмдэглэл хадгалж болно. Үүнд таны бичвэр, код, IP хаяг ордоггүй.

12. Апп гацсан тухай тайлан

Аппад статистик цуглуулах хэрэгсэл байхгүй. Харин та утасныхаа тохиргоонд хөгжүүлэгчтэй мэдээлэл хуваалцахыг зөвшөөрсөн бол Apple эсвэл Google апп гацсан тухай тайланг бидэнд дамжуулж болно. Үүнийг тэдний нууцлалын бодлого зохицуулна.

13. Мэдээллийн аюулгүй байдал

  • Апп болон үйлчилгээний хоорондох холболт бүр HTTPS-ээр шифрлэгдэнэ.
  • Үйлчилгээ зөвхөн монгол бичиг хүлээж авдаг тул аппад алдаа гарсан ч тоо, имэйл, холбоос бидэнд хадгалагдахгүй.
  • Бид мэдээллийг аль болох цөөн цуглуулдаг: нэр, бүртгэл, IP хаяг хадгалдаггүй, бичвэрийг зөвхөн санамсаргүй кодоор таньдаг.
  • Үйлчилгээ, өгөгдлийн санд зөвхөн Компанийн эрх бүхий хүн нэвтэрнэ.

Хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж, энэ хуудсанд мэдээлнэ. Бид таныг кодоос өөрөөр таньдаггүй тул танд шууд мэдэгдэх боломжгүй.

14. Хүүхэд

Гар, апп хоёр хэнд ч адилхан ажиллаж, зөвшөөрөлгүйгээр юу ч илгээдэггүй. Хувь нэмэр оруулах нь зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүнд зориулагдсан. 18 хүрээгүй хүн хувь нэмэр оруулсан бол тэр өөрөө, эсвэл эцэг эх, асран хамгаалагч нь «Энэ утасны код»-ыг бидэнд илгээнэ үү, бид бичвэрийг нь устгана.

15. Таны эрх

2022 оны 5 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:

  • зөвшөөрөл өгөхөөс татгалзах;
  • бид таны талаар мэдээлэл боловсруулж буй эсэх, ямар мэдээллийг ямар зорилгоор, хэнд дамжуулж буйг мэдэх;
  • мэдээллийнхээ хуулбарыг цахим хэлбэрээр үнэгүй авах;
  • буруу мэдээллийг засуулах;
  • мэдээллээ устгуулах;
  • зөвшөөрлөө хүссэн үедээ буцаан авч, боловсруулалтыг зогсоох;
  • эрх тань зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах, хохирлоо арилгуулахаар шаардах.

Ихэнхийг нь апп дотроос шууд хийж болно: хуваалцахаа унтраах (9-р хэсэг), илгээснээ устгах (8-р хэсэг). Бусад тохиолдолд «Энэ утасны код»-оо бичээд support+nuruu@gege.mn руу хандана уу. Бид таныг зөвхөн кодоор тань таньдаг тул кодгүйгээр таны бичвэрийг олж чадахгүй. Хүсэлтэд тань аль болох түргэн хариулна.

Хувийн мэдээллээ хамгаалуулах эрх тань зөрчигдсөн гэж үзвэл эхлээд бидэнд хандана уу. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст (nhrcm.gov.mn) гомдол гаргах, эсвэл шүүхэд хандах эрхтэй.

16. Бодлогын өөрчлөлт

Бодлогыг өөрчилбөл энд шинэ хувилбарын дугаар, огноотойгоор нийтэлнэ. Шинэ төрлийн мэдээлэл цуглуулах, эсвэл мэдээллийг шинэ зорилгоор ашиглахаасаа өмнө танаас апп дотор тусад нь зөвшөөрөл авна.

  • 1.1 (2026 оны 10 сарын 19): Компанийн нэр, мэдээлэл хариуцагч, мэдээлэл дамжуулах хүрээ, аюулгүй байдал, эрхээ эдлэх арга, гомдол гаргах газар, өөрчлөлтийн хэсгийг нэмж, бүтцийг шинэчлэв.
  • 1.0 (2026 оны 10 сарын 19): анхны хувилбар.

17. Холбоо барих

Лателиэр Гэгэ ХХК, gege.mn, support+nuruu@gege.mn